11/26/2009
10/24/2009
Halloween
Өнгөрсөн 7 хоногоос нилээн сэрүү орж , өнөөдөр бүүр 15 хэм, гадаа хүйтэн бороо шиврээд жихүүн байна. Зуны гэсэн бүх юмаа угааж цэвэрлэж далд хийх, өвлийн хувцас хунар, хөнжил гудсаа гаргах гээд хөөрхөн ажил өрнөв.
Хажуугаар нь бас ар араасаа шилээ дараад намар өвлийн тэмдэглэлт баярууд жагссан байдаг. Томын ангийнх нь нийлдэг хэдэн охин цуглаж Халловийн тэмдэглэж баахан бужигнав. Уг нь 10сарын 31-ний баяр боловчиг, ажил сургуулийн боломжоос болоод урьдчилаад тэмдэглэсэн учиртай. Миний бага байхад ийм баяр байдгийг ч , ямар учиртай болохыг ч чөтгөр бүүмэд байсым байна.
Halloween-ийг монгол хэл рүү хэрхэн хөрвүүлсэн байдаг юм бол(Багт наадам гэвэл арай биш байхдаа)?. Христосийн шашны ариун сахиус, бурхадад зориулсан ёслол болох 11сарын 1ний өмнөх өдөр буюу намрын их ургац, байгаль ээжийн хишгийг хүртэсний баяр, ад чөтгөр, муу зүйлсийг зайлуулах ёслол болгон ийнхүү тэмдэглэдэг баяр юм гэсэн. Хүүхдүүдийн хувьд, элдэв янзын баг, хувцас өмсөж, Trick or Treat гэж хэлэнгээ айл хэсэж чихэр боов солилцох нь зугаатай байдаг болтой. Энэ нь дундад зууны үөийн тариачны хүүхдүүд, баярт зориулсан хүнсээ цуглуулан ийнхүү явдаг байснаас уламжилалтай гэдэг юм байна. ★Halloween-ний шөнө алим идэнгээ хойшоогоо эргэж харалгүй толинд харвал ирээдүйн амьдралын хань нь харагддаг гэсэн яриа байдаг гэнэ.
Posted by
tumee 33
at
Saturday, October 24, 2009
10/16/2009
Манайхаар...
Зиаг манайх гэдэг айлаар сонирхуулчихмаар зүйл юусан билээ.
2 багыгаа төрүүлээд, нийгмийн амьдралд шууд оролцоо багатайхан хувийн албанаас өөр албагүй хэдэн жил арын алба залгуусан хүн, хувьсгалын ажилтай болсон чинь , хаврыг зунтай нь бүхлээр нь үдэж, намартай золгож байж л сая нэг шинэ амьдралын хэв маягтаа дасаж байх шиг байна.
Нялх нойтон хүүхдээ өсгөнгөө, арын албаа ч, албаны ажлыг ч амжуулаад гүйгээд байдаг хүүхнүүд яаж болгодог байна аа?!
Иймэрхүү янзтай харайлгаж явтал нэг мэдсэн, далын талыг наслах гэжийхийн. Гэснээс энэ сэдвийг ингэсгээд орхисуу.
Ажил албатай байхаар , ховор олдох амралтын өдрүүдээ аль болох идэвхитэй өнгөрүүлэхгүй бол хайран санагдаад байх шинжтэй.
Угаасаа энд цэцэрлэг сургууль дээр зохиогддог олон нийтийн ажилууд ихэнхдээ хагас бүтэн сайнд голлох юм. 2 багын үндоокай(монгол руу хөрвүүлбэл биеийн тамирын өдөрлөг,гээд блог анд Бямбаагаас будаа идсэн болно), томын төгөлдөр хуурын тайлан тоглолт болон , хотын зах руу энэ тэрүүгээр агаар салхинд гарсан үеийн ганц нэг зурагнаас оруулав.
Posted by
tumee 33
at
Friday, October 16, 2009
Labels: өдөрлөг 8 comments
7/28/2009
*Зуны баяр*
Зун цаг сайхан шүү, манай хүүхдүүд гадаанаа усанд тоглож байна гээд л блогтоо зураг хөрөг тавиад бичээд сууж байсан...Цаг хугацаа улиран өнгөрч ахиад нэгэн зун гадаа маань айлчилж ирчихээд дундаа орчихсон байхийн, хурдан юмаа. . Өнгөрсөн амралтын өдөр гаднаа ус хийж хүүхдүүдээ тоглуулж байтал, дээд айлын охин тагтан дээрээсээ хараад орж ирж хамт баахан тоглов. Их л жаргалтай улсууд байх шиг байсан... Урд өдөр нь дунд охиныхоо цэцэрлэгийн *зуны баяр* -т явсан юмбайна.Багш нарынх нь бэлтгэсэн үзүүлбэр сонирхож,хүүхдүүд зуны баяраар зохиогддог уламжилалт тоглоом наадгай тоглож, Япон үндэсний олуулаа тойрч алхангаа бүжиглэдэг *Бон-одори*гэгч бүжиг хийснээр энэ жилийн зуны баяр өндөрлөв
Posted by
tumee 33
at
Tuesday, July 28, 2009
6/19/2009
Эх орон танаа
Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргаваа Унаган бие минь жаргасны учраа Ухаан бодлоо тандаа зориулъя Рашаан булгийн усанд чинь Алдхан бие минь өсөн жаргаваа Алдхан бие минь жаргасны учраа Амь насаа тандаа зориулъя Нарны буман цацрагт чинь Нас бие минь өсөн жаргаваа Нас бие минь жаргасны учраа Нандин бүхнээ тандаа зориулъя /аяыг Б.Цогоо, үгийг Ж.Шагдар/ Нөгөө монгол адуу үргэлж нутгаа тэмүүлдэг гэдэг шиг үргэлж л буцах тухай бодол толгойд эргэлдсээр хэрнээ, нутгийн зүг хүлгийн жолоог хараахан залж амжихгүйм ч гэхийм үү, хувьсгалын тохироо бүрдэж өгөхгүйм ч гэхийм үү , юутай ч хүний нутагт амьдрах гэж оролдсоор 10 гаруй жилийг ардаа орхижээ...Энэ хэдэн жилд би ер нь юу хийж бүтээвээ гээд бодоод үзсэн, их л чамлалттай санагдаж сууна. Нөгөө биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас бил үү. Тэрэн шиг, биөээ гэртэйгээ засчихаад л нэг сайхан нартай өдөр нутаг буцчихийм шиг бодсоор л...Уг нь хар амиа бодохын бол ч, учиргүй идээшиж дасаад сүйд болдоггүймаа гэхэд, энэ нутагт хүний зэрэгтэй амар тайван амьдраад болоод л байх янзтай. Гэхдээ янз янзаар эргүүлж тойруулж бодоод үзэхээр тэр бас биш юмаа!!Нөгөөтэйгүүр, ээжийг энд ирээд буцсан чинь бас нэг иймэрхүү юм бодогдож байхийм. Юу гэхээр, гараад гүйгээд очимоор үедээ, ижий аав, ах дүүдээ гүйгээд хүрэхээр ойрхоон амьдармаараа гэж...Иймэрхүү элдэв зүйл бодонгоо энэ зун ч бас амралтаараа Монгол явчаад ирэх санаа байсан ч бэл бэнчин гуайд(МИАТийн тэнгэрт тулсан үнэтэй билетэнд((бид 5-ын Монгол руу нэг ирээд очих үнээр, хямд нислэгээр бол Америк руу 2 удаа, Солонгос руу бол 6.7 удаа ирж оччих юм шиг байна!! )) хясагдаад сачий хүрэхгүй янзтай. иймэрхүү байдалтай энэ зун бидэн 5-ын нутаг явж амардаг ч лөөлөө болжугаам шиг байна...Яршиг Америк ч юм уу, Солонгос ч юмуу явж амардгийм бил үү,гсн...
Posted by
tumee 33
at
Friday, June 19, 2009
5/24/2009
Сараа...
Жил болгоны хавар Токиогийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд ЯМОХ ( Япон дахь Монгол Оюутны Холбоо) голчилон зохион байгуулж явуулдаг *Хаврын баяр*гэдэг арга хэмжээ болдог билээ.
Олон хүн цугласан газраар хүүхдүүдээ дагуулж явахаас төвөгшөөдөг бибээр, ээжийгээ ирсэн байгаа энэ *чухал завшаан*ыг ашиглаад очиж Хаврын баярын үүгээр түүгээр явж , тэр оройгоо дуучин Сараагийн концерт үзэж нэг үдшийг тун сайхан өнгөрүүлэх завшаан олдов.
Сараа үнэхээр онцгой хоолойтой гэдгийг дахин давтан мэдрээд сэтгэл санаа гэдэг одтой тэнгэрээс өндөрт, бөөн бөөн баяр баясгалангаар шагнуулсан мэдрэмжтэйгээр гэрийн зүг гэдэн годон...
Posted by
tumee 33
at
Sunday, May 24, 2009
5/04/2009
*Golden week*
*Алтан 7 хоног*ийн амралтын өдрүүд эхэлж, хөлд салхи орчихоод сав л хийвэл гадуур дотуур зугаалж зугаацах гээд...
Үүрийн таван жингээр нүүр амаа бараг л хагас дутуу угаасан болцгоогоод, Диснэйланд руу гараад давхив. Багыгаа арай илүү юм үзэж сонирхдог болохыг нь хүлээж , хойшлуулсаар байсан болохоор 2 том ч бөөн баяр. Манай хүн бид 2 *аялагчид*ыг ахлах гэдэг том албаа хашиж нэг өдөр харвасан сум шиг өнгөрөв...
Хүүхэд багачуул гэлтгүй, настай хүн ч хөөрч баясахаар гоё газар байна гэж ээж маань ч бас жоохон хүүхэд шиг баяртай байв...Улаанбаатарт нэг хөөрхөн парк баригдах юм гэж сураг сонсогдоод нилээн хэдэн жил болов шив, уг нь баригдчихвал хөгшин залуугүй ингээд чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан газартай болох байж дээ, гээд шүүрс алдаж зогсоно лээ...
Posted by
tumee 33
at
Monday, May 04, 2009
4/24/2009
Зөндөө удчихаж...
Блогтоо салхи савир оруулалгүй хичнээн удаа вэ, энэ чинь!!
Нүд сэргээж, чих чимчихээр сонин сайхан гэхээр юмгүй ч , ямар ч байсан өвлийг өнтэй давж, урин хавартайгаа чамлахааргүй *тарга тэвээрэгтэй* золгоод байна, гэхийм үү доо.
Охид маань тусад орох шахаад, би гэдэг хүн удахгүй хөлөө жийгээд суудаг болохоор байна гээд бичмээр байвч, тэр цаг ирэх ч өдий байх шиг байна аа.
Харин ээж маань энд ирээд бараг сар гаруй болж, би гэдэг хүн эрхлээд жаргаж байна оо.
Цаг хугацаа харвасан сум шиг жирийхийг ч анзаарахгүй шахам...
Ээж маань 2 бага зээтэйгээ хэл амаа ололцох гэж дохио зангаа хэрэглэхийн наагуур, том охин эмээдээ орчуулагч хийгээд завгүйбайгаа.
Тэгж байгаад заваараа ээжийнхээ охиныдоо айлчилсан адал явдлаас бичиж магадгүй,хэхэ...
Posted by
tumee 33
at
Friday, April 24, 2009
2/25/2009
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!
Төрлөөрөө төвшин амгалан
Элгээрээ энх амгалан сайхан шинэлээрэй!!!
Posted by
tumee 33
at
Wednesday, February 25, 2009
2/02/2009
Жаргалан жаргалан жаргалан.....эрүүл энхийн нэгэн жаргалан.
Саяны хэд хоног чинь юу болоод өнгөрөвөө...
Том охин сургуулиасаа томуу(flu) авч ирж, 40 хэм өнгөрч халуураад,
тэр нь дундахад маань халдаж, ашгүй арай багад хүрэлгүй шиг намжлаа.
Гаднаас ирэнгүүтээ гараа угааж, амаа зайл гээд л байдаг...
Гэртээ орж ирэхээсээ өмнө хумс хуруугаа ам хамартаа
хийж байгаад , наалдуулж авсан ханиадны нянгуудаа идээд
амжчихдаг юм шиг ээ.
Уг нь хүйтний улиралд с-витамин орсон хүнсний зүйл,
лимоны жүүс энэ тэр түлхүү хэрэглэх санаатай үзээд байх шиг л байхийн, мэдэхгүй. С-витаминийг лав байнга хэрэглээд байхад ханиаднаас сайн сэргийлээд байх шиг санагддаг юм .
Яах аргагүй, хамгийн алдаг оног хэрэглэдэг 2 нь л ханиад томуу хүрэх шиг боллоо...
Ямар ч байсан хүйтэн сэрүүний улирал дуустал, хүүхдүүдээ витаминаар бөмбөгдөөд байх хэрэгтэй болтой...
Posted by
tumee 33
at
Monday, February 02, 2009
1/16/2009
Зураг зураад л...
Манай том охин гэж бөөн зураг зурах хоббитой хүн байдийм. Араас нь бас 2 шинэ *зураач* тодроод, цаас дэвтэр дээр зурах нь сонирхолгүй болсийм уу яасийн, ширээ сандал, ханан дээр хүртэл чөлөөт уран бүтээл туурвих гээд. Манайх гэдэг айл авангард зургийн урлан болох л дутаад байна,гсн...
Гурван *зураач*ийнхаа бүтээлээс сонирхуулий:)
Posted by
tumee 33
at
Friday, January 16, 2009
Labels: Үртэй хүмүүн жаргалтай 15 comments
1/07/2009
Зураг...
Ялангуяа бага жижиг хүүхэдтэй хүнд энэ зургийн аппарат гэдэг агаар ус шиг хэрэг болох нь холгүй гэжийвэл.. Дурсгалтай хөөрхөн мөчүүдийг үлдээх гэж сүр сүлдтэй л юм болохийн зүгээр...
Posted by
tumee 33
at
Wednesday, January 07, 2009
Labels: Үртэй хүмүүн жаргалтай 12 comments
12/24/2008
Happy new year!
Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж,
хамгийн хамгийн сайн сайхныг хүсье!!!
Posted by
tumee 33
at
Wednesday, December 24, 2008
12/11/2008
Онч мэргэн үгсээс...
Учрыг нь тайлж,
утгыг нь ухаарч өөрийнхөө амьдрал юмандаа тусгаж чадах эсэх нь тухайн хүнээс шалтгаалах хэрэг ч, манай ард түмний дунд хэлэгдэж, уламжилагдаж ирсэн олон сайхан үг байх юм аа.
Posted by
tumee 33
at
Thursday, December 11, 2008
12/05/2008
Ойрдоо...
Өдийд ч Монголд шинэ жилийн уур амьсгал
орчихсон гоё байгаа байх даа...
Posted by
tumee 33
at
Friday, December 05, 2008
Labels: Аахар шаахар, Үртэй хүмүүн жаргалтай 8 comments
10/20/2008
Хүүхдүүд томроод...
Posted by
tumee 33
at
Monday, October 20, 2008
9/30/2008
Монгол хэлний хичээл...
Охин бид 2-ын Монгол хэлний хичээл овоо урамтай, ямар ч байсан шинэ жилээс өмнө цагаан толгойгоо үзээд дуусчих шинжтэй. Урамшуулаад цагаан толгойн баяр тэмдэглэе гэж бодож байгаа. Яг яаж тэмдэглэхээ одоохондоо шийдээгүй л байна.
Posted by
tumee 33
at
Tuesday, September 30, 2008
9/25/2008
Хятад хүнс= хор
Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүү, мөн савласан шингэн сүүнд хүний биед хор хөнөөлтэй(зөвхөн шаазан сав суулга хийхэд хэрэглэдэг бодис-melamine) бодис найруулж олон мянган хүүхдийн эрүүл мэнд, бага насны олон хүүхдийн амь насанд хүрээд байгаа тухай мэдээг сонсож дуулаагүй байгаа хүн байхгүй байх.
Миний ойлгосноор, Хятадад топ 3-т ордог сүүний 3 үйлдвэрийнх нь бүтээгдэхүүнээс ч энэ хорт бодис ихээр илэрсэн юм байна. Топ 3 үйлдвэрийн нэг нь Хөх хотод байдаг, нэг нь Бээжингийн олимпийн гол спонсорболсон гэнэ дээ. Уг бодис нь бага насны хүүхдийн биед орвол бөөрний үйл ажиллагааг зогсоож, шээсний суваг нь чулуужиж таглараад, том хүн ч тэвчихийн аргагүй өвдөж, цусаар шээж, улмаар үхэлд хүргэдэг юм гэнэ. Уг бодисыг сүүнд холисон шалтгаан нь сүүг арвижуулж ус хийж шингэлэхээр шалгалт шинжилгээгээр тэр нь илэрдэг, харин уг бодисыг хийчвэл шинжилгээний дүн нь уураг ихтэй сайн сүү мэтээр гардаг учираас, зөвхөн ашиг хонжооны төлөө хүний амь нас, эрүүл мэндээр золиос хийсэн явдал л болсон хэрэг...%Хятадуудад ийм зүйл хийх огт хэцүү биш!!! Хамгийн аймаар түгшүүртэй нь манай төр барьж байгаа хүмүүс энэ тал дээр хэрхэн шуурхай арга хэмжээ авч байгаа болоо? Их олон улс тэр дор нь Хятадаас гаалиар ордог хүнсний бараанд хязгаар хориг тависан байна лээ.Би Монголд байгаа биш болохоор мэдэхгүй байгаа ч...Эрүүл мэнд, эрүүл хүнсний талаар дорвитой бодлого, тогтолцоог бүрдүүлж чадахгүй арчаагүй төртэй манай улс дуулсан ч дуулаагүйм шиг чихэн дүлий, нүдэн балай байгаа бол уу л гэж төсөөлөгдөж байна!! Цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авчихсан байгаа бол хүлцэл өчье! Монголын өнөөгийн төр засагт даатгаад, найдаад суугаад байвал энэ цөөхөн монгол дуусахвий дээ. Хятад яахав, тал нь дуусахад тал нь ахиад хэдэн хар мянга үлдэнэ ш дээ. Угаасаа тэр олон хар мянган хүнийхээ ходоодыг яаж хоолтой байлгах вэ гэдэг дээр аргаа барж, нэг айл нэг хүүхэдтэй бай гэж хүртэл цинзурдаад байгаа газар!!!Гэлээ гээд бид тэдэнтэй огт адилгүй гэдгийг мартаж болохгүй санагдахиймаа. Хятадын том дарга нь Хятад хүн дор хаяж өдөрт 500грамм сүү ууж, дэлхийд гологдооргүй биё бялдартай болцгооё гэж уриалга гаргаад, хүмүүс ч сүүнд хошуурсан юм байх. Тэгсэн яахав дээ, тэр хар мянган хүний ходоодыг тийм амархан сүүгээр хангачихна гэж ч юу байхав!!! Тэгсэн түрүү зуны амралтаар Монгол буцахад хамгийн их ажиглагдсан зүйл бол тв-гээр Хятадгүй бол бидний амьдрал зогсоно гэсэн өнгө аястай ч гэхийм үү тийм мэдээ, нэвтрүүлэг бан цунгаараа гарч байх нь нэг л ёозгүй санагдаж байсаныг хэлэх юун . Төв шуудангийн урд талд рекламын самбар дээр ч бил үү, сайн чанарын Хятад сүү гэсэн гоё ганган реклам байсан санагдаж байна!!! Тэгж л мөнгө олох бизнес хиймээр байгаан бол ёстой чаанс юм биш үү. Тэр хошуу амаа холбож гүйгээд байгаа урд хөршдөө монгол сүү нийлүүлж мөнгө олооч!! Мал аж ахуй чинь манай үндэсний үйлдвэрлэл биз дээ! Төр засаг нь сүүлийн үеийн техник технологитой сүүний савлах үйлдвэр 5,6-г ч хамаагүй бариулчихаач!!Олон хужаад газар шороогоо сэндийчүүлсний хариуд олж байгаа ашиг орлого гэж учиргүй их юм болжийгоо биз дээ!! Ядаж дотооддоо айж сэрэмжлэх юмгүй сүүгээ хэрэглэе л дээ. Манайд одоогоор байгаа, савладаг сүү хэр зэрэг стандартын шаардлага хангадаг юм бүү мэд!! Би лав зун очихдоо авч ууж үзсэн, гоё савтайгаас цаашгүй санагдаж байсан. Арай жаахан судалгаа хийгээд, боловсронгүй сайн болгох арга зам хайж болмоор л санагдаж байна лээ. Би гэдэг хүн Японд энэ хэдэн жил амьдарч, Монгол хүн Япон хүн 2-ын ялгаа ч гэхийм үү нэг зүйлийг асар ихээр мэдрэх юм. Тэр нь юу вэ гэхээр япон хүн нэг зүйлийг хийхийн тулд урьдчилж сайн судалж төлөвлөдөг, тэгээд хийсэн зүйлээ байнга сайжруулж, улам боловсронгуй болгох гэж мэрийж зүтгэж байдаг. Тийм болохоороо ч дэлхийд made in Japan тэнцүү чанартай сайн гэсэн имэйжтэй. Манайхан бол нэг тэгсгээд ухантаж байгаад нэг юм эхлүүлнэ, тэгээд л тэрэндээ сэтгэл нь ханаад 10 жил ч өнгөрсөн бахь байдгаараа, нөгөө хүй нэгдлийн үейин технологитойгоо зууралдсан хэвээрээ!!!Тэгээд хэлдэг шалтаг нь мөнгө хөрөнгө байвал ч чадчихна л даа ухааны юм ярина. Үнэн хэрэг дээрээ мэдлэг + сэтгэл, зүтгэл л дутдаг байхгүй юу. Тэр чанараараа бид Япончуудтай эн зэрэгцтэл ч холоо байх шиг байна.
Posted by
tumee 33
at
Thursday, September 25, 2008
Labels: Би Монгол хүн, Эмзэглэл 10 comments
9/05/2008
Би монгол хүн юм болохоороо...
Posted by
tumee 33
at
Friday, September 05, 2008
Labels: Би Монгол хүн, Өөрийн бодол өөртөө зөв, Үртэй хүмүүн жаргалтай 16 comments
8/25/2008
Оо баабаа!!
Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж,
Олимпийн алт мөнгөн медал хүртсэн тамирчдынхаа тухай бичлэг сурвалжлага олоод үзчих санаатай нетээр жаал жуул хэссэн чинь... Хурдхан шиг улс төржүүлээд авсан байх шиг санагдлаа. Тамирчдын тухай мэдээлэл, бичлэг үзмээр байхад чинь ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 тэр алт, мөнгөн медалыг аваад ирчихсэн аятай бүх юманд гарч ирээд л, даац муутай хэдэн үг хэлхэн чулуудаж байгаатай л баахан таарлаа. Тамирчидаа зүтгэхийг нь зүтгэчих, бид 2 аахилахыг нь аахилий гээд байгаан биш үү, хэхэ... *Аргалчихий, хуурчихий, арын хаалга, танил талаа ашиглачихий*гэсэн үзэл улиг болоод , зорилготой байж түүнийхээ төлөө уйгагүй зүтгэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрдэг гэдгийг мартах шахсан манайх шиг улсад, энэ удаагийн алт мөнгөн медал асар ач холбогдолтой үйл явдал болж байна хэмээн мунхаг би юутай ихээр олзуурхан бодов оо. Өнөөгийн Монголын нийгмийн сэтгэхүйд нөлөөлөхүйц чухал зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүй байх аа,тийм үү. Өөрийн алдаа болон буруу бүхнийхээ шалтгааныг эргэн тойрноосоо, бусдаас хайж, бусад руу түлхэх бус өөрөөсөө эрэлхийлэхийн чухлыг мэдэрч, ухаарна гэдэг асар том зүйл гэж бодогдоод байгаа. Харин эсрэгээрээ хүний ололт амжилтыг хурдхан шиг өөрөө тэр бүхэнд хүчин зүтгэсэн, миний ачаар л ингэсэн юм гэсэн аятай өөр ашиг сонирхолтой хүмүүс бас их инээдтэй юм аа...
Posted by
tumee 33
at
Monday, August 25, 2008














