6/19/2009

Эх орон танаа

Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргаваа
Унаган бие минь жаргасны учраа
Ухаан бодлоо тандаа зориулъя
Рашаан булгийн усанд чинь
Алдхан бие минь өсөн жаргаваа
Алдхан бие минь жаргасны учраа
Амь насаа тандаа зориулъя
Нарны буман цацрагт чинь
Нас бие минь өсөн жаргаваа
Нас бие минь жаргасны учраа
Нандин бүхнээ тандаа зориулъя
/аяыг Б.Цогоо, үгийг Ж.Шагдар/
Нөгөө монгол адуу үргэлж нутгаа тэмүүлдэг гэдэг шиг үргэлж л буцах тухай бодол толгойд эргэлдсээр хэрнээ, нутгийн зүг хүлгийн жолоог хараахан залж амжихгүйм ч гэхийм үү, хувьсгалын тохироо бүрдэж өгөхгүйм ч гэхийм үү , юутай ч хүний нутагт амьдрах гэж оролдсоор 10 гаруй жилийг ардаа орхижээ...Энэ хэдэн жилд би ер нь юу хийж бүтээвээ гээд бодоод үзсэн, их л чамлалттай санагдаж сууна.
Нөгөө биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас бил үү. Тэрэн шиг, биөээ гэртэйгээ засчихаад л нэг сайхан нартай өдөр нутаг буцчихийм шиг бодсоор л...Уг нь хар амиа бодохын бол ч, учиргүй идээшиж дасаад сүйд болдоггүймаа гэхэд, энэ нутагт хүний зэрэгтэй амар тайван амьдраад болоод л байх янзтай. Гэхдээ янз янзаар эргүүлж тойруулж бодоод үзэхээр тэр бас биш юмаа!!
Нөгөөтэйгүүр, ээжийг энд ирээд буцсан чинь бас нэг иймэрхүү юм бодогдож байхийм. Юу гэхээр, гараад гүйгээд очимоор үедээ, ижий аав, ах дүүдээ гүйгээд хүрэхээр ойрхоон амьдармаараа гэж...Иймэрхүү элдэв зүйл бодонгоо энэ зун ч бас амралтаараа Монгол явчаад ирэх санаа байсан ч бэл бэнчин гуайд(МИАТийн тэнгэрт тулсан үнэтэй билетэнд((бид 5-ын Монгол руу нэг ирээд очих үнээр, хямд нислэгээр бол Америк руу 2 удаа, Солонгос руу бол 6.7 удаа ирж оччих юм шиг байна!! )) хясагдаад сачий хүрэхгүй янзтай. иймэрхүү байдалтай энэ зун бидэн 5-ын нутаг явж амардаг ч лөөлөө болжугаам шиг байна...Яршиг Америк ч юм уу, Солонгос ч юмуу явж амардгийм бил үү,гсн...

5/24/2009

Сараа...

Жил болгоны хавар Токиогийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд ЯМОХ ( Япон дахь Монгол Оюутны Холбоо) голчилон зохион байгуулж явуулдаг *Хаврын баяр*гэдэг арга хэмжээ болдог билээ.

Олон хүн цугласан газраар хүүхдүүдээ дагуулж явахаас төвөгшөөдөг бибээр, ээжийгээ ирсэн байгаа энэ *чухал завшаан*ыг ашиглаад очиж Хаврын баярын үүгээр түүгээр явж , тэр оройгоо дуучин Сараагийн концерт үзэж нэг үдшийг тун сайхан өнгөрүүлэх завшаан олдов.

Сараа үнэхээр онцгой хоолойтой гэдгийг дахин давтан мэдрээд сэтгэл санаа гэдэг одтой тэнгэрээс өндөрт,  бөөн бөөн баяр баясгалангаар шагнуулсан мэдрэмжтэйгээр гэрийн зүг гэдэн годон...

 

 

5/04/2009

*Golden week*

 *Алтан 7 хоног*ийн амралтын өдрүүд эхэлж, хөлд салхи орчихоод сав л хийвэл гадуур дотуур зугаалж зугаацах гээд...

Үүрийн таван жингээр нүүр амаа бараг л хагас дутуу угаасан болцгоогоод, Диснэйланд руу гараад  давхив. Багыгаа арай илүү юм үзэж сонирхдог болохыг нь хүлээж , хойшлуулсаар байсан  болохоор 2 том ч бөөн баяр. Манай хүн бид 2 *аялагчид*ыг ахлах гэдэг том албаа хашиж нэг өдөр харвасан сум шиг өнгөрөв...

Хүүхэд багачуул гэлтгүй, настай хүн ч хөөрч баясахаар гоё газар байна гэж  ээж маань ч бас жоохон хүүхэд шиг баяртай байв...Улаанбаатарт нэг хөөрхөн парк баригдах юм гэж сураг сонсогдоод  нилээн хэдэн жил болов шив, уг нь баригдчихвал хөгшин залуугүй ингээд чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан газартай болох байж дээ, гээд шүүрс алдаж зогсоно лээ...

4/24/2009

Зөндөө удчихаж...

Блогтоо салхи савир оруулалгүй хичнээн удаа вэ, энэ чинь!!  

Нүд сэргээж, чих чимчихээр сонин сайхан гэхээр юмгүй ч , ямар ч байсан өвлийг өнтэй давж,  урин хавартайгаа чамлахааргүй *тарга тэвээрэгтэй* золгоод байна, гэхийм үү доо.

Охид маань тусад орох шахаад, би гэдэг хүн удахгүй хөлөө жийгээд суудаг болохоор байна гээд бичмээр байвч, тэр цаг ирэх ч өдий байх шиг байна аа.

Харин ээж маань энд ирээд бараг сар гаруй болж, би гэдэг хүн эрхлээд жаргаж байна оо.

Цаг хугацаа  харвасан сум шиг жирийхийг ч анзаарахгүй шахам...

Ээж маань 2 бага зээтэйгээ хэл амаа ололцох гэж дохио зангаа хэрэглэхийн наагуур, том охин эмээдээ орчуулагч хийгээд завгүйбайгаа.

Тэгж байгаад заваараа ээжийнхээ охиныдоо айлчилсан адал явдлаас бичиж магадгүй,хэхэ...  

2/25/2009

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!!

Төрлөөрөө  төвшин  амгалан

Элгээрээ энх амгалан сайхан шинэлээрэй!!!

2/02/2009

Жаргалан жаргалан жаргалан.....эрүүл энхийн нэгэн жаргалан.

Саяны  хэд хоног чинь юу болоод өнгөрөвөө...

Том охин сургуулиасаа томуу(flu) авч ирж, 40 хэм өнгөрч халуураад, 

тэр нь дундахад маань халдаж, ашгүй арай  багад  хүрэлгүй шиг намжлаа.

Гаднаас ирэнгүүтээ гараа угааж,  амаа зайл гээд л байдаг...

Гэртээ орж ирэхээсээ өмнө хумс хуруугаа ам хамартаа

хийж байгаад , наалдуулж авсан ханиадны нянгуудаа идээд

амжчихдаг юм шиг ээ.  

Уг нь хүйтний улиралд с-витамин орсон хүнсний зүйл,

лимоны жүүс энэ тэр түлхүү  хэрэглэх санаатай үзээд байх шиг л байхийн, мэдэхгүй. С-витаминийг лав байнга хэрэглээд байхад ханиаднаас сайн сэргийлээд байх шиг санагддаг юм .

Яах аргагүй, хамгийн алдаг оног хэрэглэдэг 2 нь л ханиад томуу хүрэх шиг боллоо...

Ямар ч байсан хүйтэн  сэрүүний улирал дуустал, хүүхдүүдээ витаминаар бөмбөгдөөд байх хэрэгтэй болтой...            

 

 

1/16/2009

Зураг зураад л...

Манай том охин гэж бөөн зураг зурах хоббитой хүн байдийм. Араас нь бас 2 шинэ *зураач* тодроод, цаас дэвтэр дээр зурах нь сонирхолгүй болсийм уу яасийн, ширээ сандал, ханан дээр хүртэл чөлөөт уран бүтээл туурвих гээд. Манайх гэдэг айл авангард зургийн урлан болох л дутаад байна,гсн... Гурван *зураач*ийнхаа бүтээлээс сонирхуулий:)