Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts

6/25/2008

Амьдралын дурсгалт мөчүүд

Орчлонд мэндлэх, анх сургуулийн сурагч болох, сургуулиа төгсөх, бие дааж нийгмийн харилцаанд хөл тавих, гэрлэх, үр хүүхэдтэй болох, алтан мөнгөн хуримаа хийх гээд бүгд л дурсгалтай мөчүүд... Амьдарч байгаа газрын маань дүүргээс оршин суугчиддаа энэ мэт амьдралын дурсгалтай мөчийг тохиолдуулж модны суулгац бэлэг болгож байгаан билээ. Энэ жил Ёкохамагийн боомт нээгдэсний 150 жилийн ой болж байгаа болохоор Ёкохама хотод нийт 150 мод шинээр суулгах юм байна л даа. 10-аад төрлийн модон дотроос 1-ийг сонгож авна гээд том охиныхоо 1-р ангид элсэн орсон дурсгалд японоор ажисай(эхний зураг) гэдэг цэцэгний мод авчирч гаднаа тавив(дараагийн зураг нь). Би гэдэг хүн мод цэцэг арчлах мэдлэгээр тааруухан. Охины минь анх сурагч болсон дурсгалын мод юм чинь сайн арчлахгүй бол...Энэ талаар мэдлэгтэй андууд зөвлөлгөө өгөөрэй.

10/16/2007

Сэргэлэн толгой ...

Оюутан байхад анх япон хэлний цагаан толгой зааж сургасан өвгөн багш маань нэг ийм болсон явдал ч гэхийм үү, онигоо ч гэхийм үү зүйл ярьсан нь санаанаас ер гардаггүй юм... Багшийн маань нутагт нэгэн сайрхуу эр байж гэнэ. Тэндэхийн төмөр замын өртөөнд нь Оросоос нэг галт тэрэг иржээ.Түүнд өөр нэг тэрэг залгах хэрэгтэй болж түүнийг ойлгуулаад хэлчих орос хэлтэй хүн олдоогүй юм байж. Тэгээд нөгөө орос хэлэнд гаргуун гэж сайрхдаг нөхрийг дагуулж ирж л дээ. Тэгтэл мань эр дохио зангаа оролцуулж байгаад *Это вагон это вагон здраствуйте* гээд л аваадахаж. Нөгөө орос нь ч шууд ойлгохгүй хаачихав...

10/01/2007

26 жилийн өмнөх зураг

Зургийн цомгоо эмхэлж суутал багын зураг гарч ирээд нэгэн дурсамж бичлэг оруулмаар санагдаад... Энэ зурган дээрхи яг том гүнжтэйгээ чацуу байсан үе. Цаг хугацаа урсан өнгөрөөд өөрөө ийм охинтой болчихсон байхийн, амьдрал гэдэг их сонин юмаа... Тухайн үед өнгөт зураг гэж бараг байдаггүй байсан байх аа. Эгч маань Москва-д сурдаг байсан юм. Тэгээд  зуныхаа амралтаар нутагтаа ирчээд, найзтайгаа гудамжинд явж байгаад нэг япон хүүхэнтэй тааралдсан гээд зусланд дагуулж ирсэн хэрэг. Тухайн үед манай аав *наад япон чинь тагнуул ч юм бил үү, тэгж сүүжрээд байж болжийгоом уу!* гэж ирээд л эгчийг зэмлэж байсан санагддаг юм. Одоо тэр хүн Осакагийн  Угсаатны зүйн музейд проф. юм билээ. Юун тагнуул байхав дээ, монголын угсаатны зүй судалдаг монгол судлаач оюутан байсан хэрэг. Орос өнгөт зураг жаазанд хийхээр удалгүй цайрчихдаг байсан байхад, энэ  япон зураг энэ олон жил өнгөрөхөд  хэвээрээ . Тухайн үедээ ч орж ирсэн хүн болгонд сонин болгож яриад л, зургаа үзүүлээд л *од *болжийлоошд. Хамгийн сонин нь энэ зургийг авч өгсөн япон хүүхэнтэй 20 жилийн дараа<одоогоос 6 жилийн өмнө> тааралддаг юм байна . Амьдралдаа анх удаа тааралдсан япон хүн байсан болохоор ч тэр үү, нэр нь мартагдаагүй санаанд байсийн байна лээ. .. Намайг Осакад байхад,* Монголд хөдөөгийн  айлд homestay хийх групп хүмүүст яриа хийж өгөхгүй юу?*гэж сургуулийн оюутны төвөөс утасдаад очсон юмдаг. Тэгсэн тэнд нэг л  харсан ч юм шиг хүүхэн бас монголын тухай яриа хийгээд байхаар нь ..... нэрийг нь хартал мөн дөг өө. Харингуутаа гэр лүү гээ яриад шуудангаар зургаа явуулж  аваад, дараа нь   бариад очив оо. Тэгсэн хүүе хаая болоод удаан уулзаагүй эгч дүүс шиг тэврэлдээд л сүйд болдгийн байна. Ер нь миний амьдралдаа ганц тэврэлдсэн япон хүн байх шүү,хэхэ. Бас нэг түүх нэмээд бураадахий...Эмээ маань хуучин, шинэ үсэгт гаргуун хүн байсийм гэнэ лээ. Хуучин *Дотоод яам* гэж байхад нууцын бичээч гэдгийг хийдэг байсан гэдийм. Тэр үед хоригдол япон цэргүүд  гэж өрөвдмөөр юмнууд байдаг байсан, хичнээн дайсан ч адилхан л ээжтэй аавтай хүний үрс..гээд эх хүний хувьд сэтгэл нь өвдөөд тамхи, идэж уух юм нууцаар  өгч байсан гэнэ лээ.  Хэрвээ тэгж байгаад баригдсан бол эсэргүү болж балрах байсан байх даа. Тэгсэн бол мань мэт энэ хорвоод хүн болж, ингээд  элдэв юм бичээд сууж байхгүй ч байсийм бил үү...