8/30/2007

Блогтой манатай байлаа...

Халуунд хүүхэд өвдөж хямрахаар блог бичих хүсэл төрөх нь байтугай юм болохийн. Уг нь өдөр тутам гэрийн ажилтай зууралдаж, хүүхдээ тойрч гүйсээр өдөр өнгөрүүлдэг над шиг хүнд хааяадаа хэдэн хором нет-дээд байхад сэтгэлийн зугаа гаргаад зүгээр байдаг ... За одоогоор миний хувьд хамгийн том үйл явдал бол бага маань 5 хоноод 5 сар хүрлээ. Өнөөдөр өөрөө эргээд сурчихав. Санаа дагаад уу эргэсэндээ их додигор байх шиг санагдсан:/ Өө бас 2 настай удаах охин минь зураг *зурж* сураад, дэвтэр харандаа 2 сугавчлаад л*ээжээ хадаа,зуяг зуцан*гээд гүйгээд байгаа...Дугуй дотор нүд ам гээд 3 цэг зураад, шууд толгойноосоо 2 урт хөл...хэхэ. Харин ууган охин маань гэрийнхнээ төлөөлүүлж блогийн маань дээд буланд байгаа 5 гахайг зурж өгсийм. Яагаад заавал гахайгаар төлөөлүүлсийм байгаан!? Буруугаар ойлгуузай:/ Манайд бүдүүн хүн байхгүй шүү:)

8/16/2007

Ингэж хэлдэг бил үү?

Уг нь *Охид ариун бол цус ариун, түшмэд шударга бол төр ариун* гэдэг гэсэн.. УБ-д явж байгаад *Охид ариун бол төр ариун* гэсэн самбар нилээдийг харсийн байна.Товчилж байгаан бол уу, ямар учиртайн бол? Түшмэд нь шударга байна гэдэг ойлголт нь устаад, охид нь хүртэл замбараагаа алдаад , төр улсаа мөхөхөд хүргээд байна гэсэн утга юм уу!?

Шатаах нь ээ...

Японы халуунаас зугтааж нутаг явсан чинь Монголд ямар халуун байсан гэж санана аа.35-36хэм хүрээд л хиншүү ханхлах нь холгүй байсан. Японд буцаад ирсэн.. бас л 35-36 хэмээс буухгүй бүүр байж суух арга алга. Чийгтэй халуун болохоороо тэгдэгийм үү, хайлуулж урсгах нь ээ..Иймэрхүү зүйлээс болов уу ,бага гүнж минь хэд хоног 39 гарч халуураад ёстой элэг зүрхийг амаар гаргах дөхлөө.Яг японы *обон* гэдэг амралтын өдрүүд нь давхцаад, үзүүлдэг эмнэлэг нь амарсныг хэлэх үү, амралтаар үздэг газар хайж давхиж үйлээ үзлээшд..Гэхдээ эмнэлэг сайтай газар дор нь л арга хэмжээ аваад урамтай юм. Монголд байхад ингэж өвдсөн бол яаана аа...Эмнэлэг энэ тэр гэсэн иймэрхүү зүйлээс болоод Монголдоо бүүр буцах маань хойшлоод байх юм..Эх хүнийхээ хувиас гэхийм үү, Монголд очихоор амьдарч байгаа газар оронтойгоо харьцуулах, бас нүдэнд өртөх зүйл их байхиймаа. Монгол хүн Монголдоо элдэв бэрхшээлгүйгээр баталгаатай хүнс хэрэглэж, найдвартай эмнэлгээр үйлчлүүлж, чанартай боловсрол эзэмшдэг болоосой гэж үнэхээр бодогдох юм...

8/08/2007

Болохгүй юм гэж байдаггүй, чадахгүй юм л гэж байдаг...

Нутаг сайхан байна оо...Аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгээ уулзаж учирч сайхан яваад ирлээ.. Замын замбараагүй хөдөлгөөн, зуслангийн хог,эрүүл ахуйн шаардлага хангаагүй хятад хүнсний ногоо, барилгын материал, ууртай омогтой , аргалчихий , хуурчихий гэсэн хүмүүс, хаа сайгүй алтыг нь ухаж сэндийчсэн газар шороо гэх мэт нүдэнд туссан сэтгэл өвтгөсөн зүйлсийг эс тооцвол ... Энэ бүхэнд сэтгэл зүтгэл 2 л дутаад чадахгүй байгаа болохоос, засаж залъя гэвэл болохгүй бүтэхгүй зүйл ч огт биш байх ... Хувь хүмүүсийн сэтгэл зүтгэлээс гадна бас ард түмний эрх ашгийг хамгаалсан нийгмийн бодлого тун хэрэгтэй байна лээ гээд том том юм бичиж би бас энд улс төржихгээд байхийн , хэцүү юмаа.. ...Зуслангийн маань дэргэдэх булаг бөөн хогонд дарагдсан байсныг хажуугийн айлын 2 хүүхэд ,аав бид 4 баахан цэвэрлэв. Тэгсэн түүнээс санаа авсан юм уу саяхан бас өөр хэсэг хүмүүс цэвэрлээд танигдахааргүй болгосон байв. Сэтгэл байвал болдог л юм байна... Сайхан амьдрал гэдэг *сэтгэл, зүтгэл* дээр тогтдог гэдэгтэй санал нэгтэй байна уу.*Мөнгө,танил тал 2 байхад Монголд алзахгүй* гэсэн өнгө аяс алхам тутамд мэдрэгдэж, хэт амиа хичээсэн, би л болж байвал бусад нь падлийгүй гэсэн бодол нь аливаа зүйлд *сэтгэлээсээ хандах*, *үнэнч байх* гэдгээс холдуулж цөлөөд байх шиг сэтгэгдэл төрүүлээд байсан.... Боловсрол, Эрүүл мэнд 2-ийг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгох гэж улайраад, тэнд тэр сэтгэл гэдэг үгний *с* үсэг нь ч алга байх шиг байна лээ... Ингээд бодохоор улсаас зохицуулсан *сэтгэлээсээ хандсан* бодлого ч гэхийм үү, түлхээс гэхийм үү бас яах аргагүй хэрэгтэй байна аа даа...